Жемнэт - Монголын Үндэсний мэдээлэл холбооны сүлжээний анхдагч компани

ХОЛБОГДОХ
Mongolia Map Gemnet

Интернэт телевизийн салбарыг ч сандаргаж байна

Интернэтэд хандагчдын тоо буюу онлайн мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авагчдын тоо өдрөөр бус цаг, минут тутамд нэмэгдэж буй нь уламжлалт хэвлэлийн салбарынхныг багагүй сандралд оруулаад байгаа билээ.
10 жилийн өмнө Монголд мэдээлэл авах гол гурван хэрэгсэлд телевиз, сонин, радио байсан бол өнөөдрийн байдлаар телевиз, бусдын яриа, интернэт гэсэн эх сурвалжаас хүлээн авагчид мэдээлэл авах болсон байна. Энэ талаарх судалгаа өнөөдөр “Мишээл экспо” төвд зохион байгуулагдаж байгаа “Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн, яармаг - 2011”-ийн үеэр Хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны албаны дарга Г.Гүнжидмаагийн илтгэлд дурьдагдсан юм.

Түүний илтгэлийг үргэлжлүүлэн сонирхвол, Монголд өнөөдөр 130 гаруй сонин, 130 орчим телевиз, 100 гаруй сэтгүүл, 70 орчим радио үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээрээс хамгийн их хүлээн авагчтайг нь хэвлэлийн хүрээлэн сар сард нь судалгаа явуулж жил бүр үр дүнг нь нэгтгэн гаргадаг. Эдгээрээс сонирхвол, телевизээс Улаанбаатарт хамгийн их хүлээн авагчтай нь МҮОНТВ, UBS телевиз байгаа бол орон нутагт, МҮОНТВ, TV9 телевиз байна. Харин сонины тухайд Улаанбаатар болоод орон нутагт “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан” гэх мэт сонин хамгийн их уншигчтай байна.

Мэдээллийн сайтуудын тухайд Үндэсний портал GoGo.mn, Zaluu.com зэрэг сайт хамгийн их хэрэглэгчтэй хэмээн судалгаанд дурьдагджээ.

Интернэт хэрэглэгчийн тоо аль хэдийнэ сониноос хол даваад байгаа бол өнөөдөр энэ байдал телевизийн салбарыг ч сандрахад хүргэж байгаа талаар хэвлэлийн хүрээлэн мэдээлж байлаа.
 
“Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн, яармаг - 2011”-т хэвлэлийн хүрээлэнгээс гадна Монголын мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн газрын дэд дарга А.Мөнхбат “Дижитал эринд шилжихэд хэвлэл мэдээллийнхэн бэлэн үү”, “New media marketing, Дэвшилтэт медиа маркетинг” сэдвээр “The news media marketing agency”–ийн гүйцэтгэх захирал Т.Төгөлдөр нар сонирхолтой илтгэлүүдийг тавьсан юм.

Тус үзэсгэлэн хоёр өдөр "Мишээл экспо"  төвд зохион байгуулагдана.

Эх сурвалж: www.gogo.mn
Огноо: 2012-05-15
Facebook like